Монголын утга зохиолын 20-р зууны нэрт төлөөлөгч яруу найрагч зураач, орчуулагч, ардчилагч, гүн ухаантан Ренчиний Чойномын хүн бүрийн заавал унших "Хүн найраглал"-ыг уншигч та бүхэндээ хүргэж байна

Хорвоогийн хүчирхэг амьтан хүн
Хосгүй хөгжилт ухаан сэтгэхүйт хүн
Балрыг орхиж соёл иргэншлийг эзэмшээд
Байгалийг ялав гэж тунхагласан
Оддын хүрээлэн орчлон ертөнцийг
Одоохондоон ганцаас илүүг баримталж байгаа
Оюун төгс  дээд төрөлт хүн тантай
Орон байр хувь заяа нэгтэй төрсөндөө би баяртай байна



Хүн гэдэг чинь юу юм бэ?
Хаана байнаа?
Хүүхний гоо сайханд уу?
Эрчүүдийн бяр тэнхээнд үү?
Шинжлэх ухааны оньсыг эзэмшсэн чадвартан уу?
Шинэ загвараар хувцасласан биенд нь үү?
Үгүй ээ, үгүй дээ
Хүн гэдэг зөвхөн үстэй толгой доторх ганц аяга үл тайлагдах шингэн алт болсон
Үлэмжийн хүчит уураг тархинд нь байнам
Энэ тархины өчүүхэн хэсгийг гэмтээхийн эсрэг туршилт цус харвалт юмуу, элдэв нян ужиг самууны дутуу төрөлт
Эх орны хил алхсан хорлон сүйтгэгч шургалваас
Аугаа их хүн гэгч тэрхүү гавал дотор төгсч
Алд бие гөрөөс хийгээд малаас дор болмуй
Атаархах үзэмж бие, бишрэм чадал, хоолой
Аварга тэнхээ юу ч байсан хэрэггүй л болном
Хүн гэдэг богинохон , содон нэр шигээн
Хүний ид шид багахан эмзэгхэн зайд багтмуй
Хэрвээ тэр шидэт эрдэнийг гэтмээвээс
Хээрийн тунгалаг горхины ундаргыг дарсантай адил
Ухаан сэтгэхүйн тогоонд дусал хор хаяваас
Ургаж байсан модны
Угийг хөрөөдөхтэй ижил
Урамтай хурдан онгоцны хөдөлгүүр унтраахтай адил
Улс гүрний засаг сөнөхтэй ялгаагүй ээ
Иймийн учир хүн танаас гуйх нь
Идэр бага цагаас ухаан мэдрэлээ хайрла
Идэх, унтах хийгээд архи тамхины хороор
Идтэй сайхан тэрнийг өстэй юм шиг битгий бөмбөгд
Битгий мэдсээр байж хүн гэдгээ хөнөө
Би ч ялгаагүй, та ч өөрцгүй  түүхэн төртэй
Элэнц хуланцын хийсэн муу муухай багадаагүй
Энэ бидний хийх сайн сайхан ялгаагүй
Дэлхий юутайг сая би ойлголоо
Дэргэд нь хүн өчүүхнийг одоо би мэдлээ
Залуу явахад дэлхий бага, би том байж
Захад нь өтөллөө... туулж барсангүй
Явах ёстой замаа урагшаа харан чинь яасан урт юм бэ
Яваад ирсэн замаа эргээд харсан чинь ямар богинохон юм бэ
Амьдралыг би мэдэхээс, онолыг би мэдэхгүй
Амраг бүсгүйтэй онолоор харицахгүй, сэтгэлээр харицана
Аль нэгэн теоромоор талх зүсдэггүй, хутгаар зүсдэг
Асар гунигтай цагт жимсээр уйлахгүй, нулимсаар уйлдаг
Зузаан зузаан боть гүн ухааны сургаалыг би мэдэхгүй
Зутруу намрын борооноор гал алдаж хоосон суухыг би мэднэ
Зуны халуунд цөл газар цангахыг би мэднэ
Зураг шиг хүүхний хөрөг шиг зүсэнд болоод араараа тавиулахыг би мэднэ

Нэр алдар олж айл айлд уригдахыг би мэднэ
Нэг өдөр баян явж зуун өдөр хоосон байхыг би мэднэ
Үнэнийг цөөхөн хүн дэмжиж зуун хүн хараахыг би мэднэ
Үзтэл хоосон магтаалыг бүгдээрээ сайшааж ганцхан найз шүүмжлэхийг би мэднэ
Ай хөөрхий...
Алтан үсэгтэй онолын том том ботиудад
Адууны махаар хоол хийх тухай байхгүй
Онол мэддэг хүн намайг идеалист гэдэг юм
Овоо доо аль нэгэн томъёонд ньбагтаж л байвал болох нь тэр
Хүн хүнээ хайрлах хэрэгтэй
Гэвч хэмжээтэй хайрлах хэрэгтэй
Хүнд зогсож байгаа дүр гаргах хэрэгтэй
Гэвч үнэнээсээ зогсож болохгүй
Хүн хүнтэй, нөхөдтэй амьдрах хэрэгтэй
Гэвч хүний өөрийн хатуу заагтай байхгүй бол бас сонин
Энэ хорвоод хүн гэгч эсвэл хүнд юм өгөх гэж
Эсвэл хүнээс юм авах гэж хүн болон төрдөг байна
Өгөх ч юм байхгүй, авах ч юмаа мэдэхгүй
Өчүүхэн амьтан яваагүй гэж сэтгэл амар буцна би

Ингээд бодохоор дэлхий арай багасч, би арай томсохын
Хэтэрхий хайртай чамдаа би хэрэлдэх л гэж дурласан юмаа
Хэрүүлийн дараа улам хайрласаар
Хэттээ хагацах л гэж дассан юм
Амьдрал дандаа цэцэглэх гэж
Арван хуруу тэгш цэнгэх гэж
Алтан дэлхий заяасан юм биш л дээ
Алсдаа мөхөх л гэж үүссэн юм
Хатах гэж гол мөрөн урсдаг юм
Шатах гэж ой мод ургадаг юм
Үхэх гэж хүн амьтан төрдөг юм
Үрэгдэх гэж хот суурин босдог юм
Ер нь чадалтай нь чадалгүйгээ дарах ёс л
Ертөнцөд мөнх үлдэж мэдэх нь ээ
Даван туулсан амьдралын минь он жилүүд
Даваа гүвээ, уул нуруу ч цэнхэртээд
Өсөх нас минь тэртээ цаана нь
Өмнийн дулаан хязгаар шиг сүүмэлзэнхэн үлджээ
Нарлагхан талдаа хулан тахь шиг өссөн
Найз нөхөд минь өвгөд, эмгэд болцгоолоо
Танхил багын минь найзууд
Та, та гэж дуудан
Хүндэтгэлийн хүйтэн хуурай малгайг
Эгэл толгойд минь өмсгөжээ
Энэ чинь та нарын толгойтой ижил толгой
Эрхэм титмийг ч биш, боолын дөнгийг ч биш
Эх нутгийн салхийг өмсч өссөн толгой
Гэтэл намайг гэм буруугүй, алдаагүй
Гэнэн хөнгөн зангүй
Гэр бүлийн явдал гэж жижгэрэхгүй
Тусгай төрсөн өөр хүн шиг үзэж
Туг шиг ихэмсэг
Тамга шиг хатуу
Үхсэн юм шиг амьгүй эд гэж бодно уу
Үгүй ээ үгүй, би амьд хүн
Амьд хүний юм бүхэн надад бий
Амьд хүний юм бүхэн надад хэрэгтэй
Амьдралаар нь амьдарч, зовлонгоор нь зовж
Алдаж, онож, баясч, гомдож явнаа
Хүн хүнээс онцгой байх гэж би
Хүний ертөнцөд төрсөн юм биш
Хазгай бүхнийг тэгшилж өгөх гэж
Хатуу хорвоод ирсэн юм биш
Хувилгаан хэрэгтэй болоод
Бурхны орноос уригдаж ирээгүй
Хулгайч хэрэгтэй болоод
Чөтгөрийн орноос баригдаж ирээгүй ээ
Хүн хэрэгтэй болоод
Хүний дунд өөрөө төрсөн юм
Хүндийг нь үүрэлцэх гэж
Хүйтэн хорвоод өөрөө ирсэн юм
Хамгийн эгэл амьдралаар амьдрах гэж ирсэн юм
Халуунд халж, хүйтэнд хөрөх гэж ирсэн юм
Хайрлаж, хайрлуулж,бас хаягдаж, хараалгах гэж би төрсөн юм
Дан магтаалаар дэвэрч явах гэж төрөөгүй
Дарагдаа боловч
Даварч гүйх гэж төрөөгүй
Дарлуулж биеэ тоогоод зэвэрч хэвтэх гэж төрөөгүй
Дагинийн сайхныг шилээд тэвэрч суух гэж төрөөгүй
Багадаа гутал олдохгүй хөл нүцгэн гүйх гэж
Бага сургуульд харандаагаар дутаж шорооноос бал түүх гэж
Багийн хурал дээр өрх төлөөлөн очиж загнуулах гэж
Баян түмэнд ноос угааж
Өлсөж, бөөстөх гэж төрсөн юм
Хүний унаа царайчлан гараа өргөж зогсох гэж төрсөн юм
Хүүхэнд дурлачихаад олигтой хувцасгүй гуниглах гэж төрсөн юм
Хүнд гунигаа мартагнахын тулд хөлчүүрэх гэж төрсөн юм
Сэрэхэд ч бие багад зовох гэж төрсөн юм
Тачгүйхэн явсандаа хүний идэш болох гэж төрсөн юм
Амаа сүүлд нь өөрөө барих гэж төрсөн юм
Авгайчуулын хов живэнд өртөх гэж төрсөн юм
Айлын охиныг чангааж эхэд нь загнуулах гэж төрсөн юм
Сайхан залуу яваад муухай өвгөн болох гэж төрсөн юм
Сайн ханиасаа салж өнгөрсөн хойно нь ойлгох гэж төрсөн юм
Сар шиг нөхдийнхөө үхэхийг үзэж уйлах гэж төрсөн юм
Хүмүүсийг уйлж явахад инээж яваагүйн гавьяа
Хүйтэнд хөрч байхад нь халуун өрөөнд заларч
Хүнгэнэсэн тэргээр дайрчих шахаад өнгөрч яваагүйн гавьяа
Хүнд бэрх цагт нь жаргаж хэвтээгүйн гавьяа
Энэ бүхнийгээ элгэн садан хүмүүс та нартайгаа хуваалцаж яваагаа
Эсгий гэрт аж төрж явган гүйж явсныгаа
Эрхмийн дээд эрхэмсэг гавьяа гэж би үзнэ ээ
Мөрөөдөл гэдэг энэхүү ертөнцөд
Мөхөсхөн төрсөн бүсгүйн ч буруу биш
Мөс шиг хайрдаг сэтгэлийн ч буруу биш
Мөнхөд ноёлох хайрын ёсон
Хайртай хоёрыг цуг төрүүлдэггүй нь хан байгалийн зарлиг юмдаг
Харан танилцаж яван дасдаг нь
Хатан дэлхийн зарчин юмдаг
Дасна аа гэдэг итгэлийн тавилан
Давуулж хэлбэл сэтгэлийн зовлон
Дэлгэр хорвоогийн хаа ч гэсэн
Дэндүү хайр өөртөө жаргалгүй
Хөндлөнгийн хүнээс харамлан зовж
Хөөрхий зүрх урагдах шахдаг юм
Гэмгүй байхад хардана гэдэг
Гэрт гадаагүй мөрдөнө гэдэг
Золгүй надаар дүүрэн болохоор
Зовлон бүхний дээд юм даг
Амраг хүүхнийхээ үгийг даалгүй
Агсарч битгий гомдоорой
Архи амсч нөхөдтэй нийлээд араар нь битгий тавиарай
Харчуул бид л онгироогоос биш
Хаанаас гүйцэхийн бэ дээ тэдний гавьяаг
Бид айлын ууган галыг асааж
Тэд авдарны утаа тоосыг арчиж
Тэд аагтай цай, амттай хоолоо чанаж
Тэд арван сар алаг үрээ тээж
Ядрахад чинь таны магнайг
Яав аа гэж зөөлхөн гараараа илнэ
Яваад өгөхөд чинь таныг хүүхэд шиг дагаж
Ягаахан хацар дээрээ нулимстай үлдэнэ
Хөдөлмөрсөг, янагсаг, зөөлхөн гараараа
Хөлстэй, хиртэй хувцсыг чинь угааж
Хоолоо идчихээд босоод явсан ширээний чинь дэргэд
Хоосон аяагануудын дунд ганцаараа бөртөгнөнө
Элбэг устай мөрөн гол
Эргээ элээж уужим болгодог юм

Элдэв бодол, түмэн мөрөөдөл хүнийг элээж буурал болгодог юм
Шидсэн чулуу очсон газраа
Ширүүн тусаад ойж оддог юм
Хэлсэн үгс хүний сэтгэлд
Хэзээ ч гэсэн байж байдаг юм
Салалт, уулзалт, ядрал, баясал
Сайн нөхдийг гангаж өгдөг юм
Сайхан бүхнээс илүү дурлуулж
Садан төрлөөс ч давуу болгодог юм
Ай хөөрхий
Сэтгэлийн зүй, амраг, дурлал, уйтгар, цөхрөл,аялгуу дуу, урам зориг айх, өрөвдөх энэ бүхнийг
Тив дэлхий, тэнгэр бурхан хүнд заяасангүй ээ
Тэмцэл хөдөлмөрийн дөлөн дунд хүн өөрөө байлдаж олсон юм
Хүн шиг сэтгэж, хүн шиг итгэж
Хүсэл мөрөөдлийнхөө шуурган тэмцлээр
Хүрэл зуунаас эдүгээ хүртэл
Хүндтэй замыг туулсан амьтан
Даян дэлхийн хаана ч гэсэн
Дахиад байхгүй
Ганцхан...    ганцхан
Хүн хүндээ дурлах сэтгэлтэн буюу
Хүн хүнээ аврах итгэлтэн буюу
Хүн усыг ч ундраах шидтэн буюу
Хүн уулыг ч нураах хүчтэн буюу
Хүн алтан дэлхийн эзэн буюу
Хүн алсын одны зочин буюу
Share on Google Plus

About Unknown

This is a short description in the author block about the author. You edit it by entering text in the "Biographical Info" field in the user admin panel.
    Blogger Comment
    Facebook Comment

0 comments :

Post a Comment